Арьсны язралт гэдэг аль ч насны, ямар ч хүйсний хүмүүст тохиолдож болох арьсны өөрчлөлт юм. Энгийнээр хэлэхэд арьс хэт их татагдаж сунаснаас өнгөн давхарга урагдаж хагарах процесс бөгөөд сорвины нэг төрөл гэж үздэг. Энэ удаад  жирэмсэн үеийн арьсны язралтыг онцолж түүнээс хэрхэн сэргийлж болох талаар мэдээлэл хүргэе.

Тухайн хүний арьс язрах эсэх хүний арьсны коллаген эластиний хэмжээнээс шууд хамааралтай байдаг. Харин энэ байдал нь бидэнд төрөлх эцэг эхээс заяасан онцлог юм. Арьсны эластин ширхэг бага бол арьс сунамтгай чанар бага учраас илүү их язралт үүсэх эрсдэлтэй гэсэн үг. Тэгвэл бид үүнээс хэрхэн сэргийлж болох вэ? Язралтыг бага үүсгэхийн тулд хэрхэн арьсаа арчлах вэ?

Хамгийн эхний алхам бол шингэн сайн уух. Хүний арьсны чийглэг байдал ууж байгаа шингэний хэмжээтэй шууд хамааралтай байдаг. Яагаад гэвэл бидний арьсанд агуулагддаг гиалуроны хүчил нь усыг өөртөө татаж чийглэг байдлыг хангаж байдаг. Мөн нэмэлтээр омега агуулсан хүнсний бүтээгдэхүүн сайн хэрэглэх хэрэгтэй.

Хоёр дохь алхам бол бүтээгдэхүүнээ зөв сонгох. Жирэмсэн үед тосны найрлагад анхаарах нь зүйтэй. Яагаад гэвэл зарим биеийн гоо сайхны бүтээгдэхүүнүүд хэвлийд бойжиж байгаа хүүхдэд хортой нөлөө үзүүлдэг. Жишээ нь : ретинол гэх мэт. Харин язралтаас сэргийлэх, эсвэл аль хэдийн язарсан арьсны төлжилтийг сайжруулахын тулд тосоо зөв сонгоорой. Ихэвчлэн язралтын эсрэг жирэмсэн үед гэсэн шошготой бүтээгдэхүүнүүд дотор агуулагдах найрлагууд хүүхдэд аюулгүй байдаг. Мөн байгалийн гаралтай нэмэлт найрлагатай байвал сайн. Энэ нь арьсны чийгийг хадгалахаас гадна, уян хатан чанарыг сайжруулснаар язралт бага үүсэхэд шууд нөлөөлнө. Зарим тоснууд бидний арьсанд хэрэгтэй коллаген, эластиний нэгдлийг агуулсан байдаг. Мөн хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй байгалийн нэгдэл бол shea butter юм.

Гурав дах алхам бол тосоо жирэмсний бага сараас эхлэн түрхэх. Харин түрхэхдээ сайн массаж хийж өгснөөр шимэгдэлтийг нэмэгдүүлнэ. Хэвлийн эргэн тойрон, өгзөг, гуя гэх мэт язрах эрсдэлтэй хэсгүүдээр сайтар зориулалтын тосыг түрхэж арьсаа хайрлаарай. За тэгээд арьс язарч эхлэхийн өмнө загатнаад л эхэлдэг, тиймээ? Тэсэлгүй ганц нэг маажихад л том том зураас үүссэн байдаг. Энэ загатнах үед бид зүгээр л хүйтэн язралтын эсрэг тосоо түрхэн массажлах хэрэгтэй. Хүйтэн температур судас агшааснаар загатнаа үүсгэгч бодисийн ялгаралт багасахаас гадна арьс чийглэг байх тусам язралт бага үүсдэг. Жирэмсэн үеийн язралтанд зориулсан бүтээгдэхүүнийг өдөрт хэдэн ч удаа түрхэж болно.

Ийм 3 алхмыг л мөрдөхөд л жирэмсэн үеийн язралтаас сэргийлж, мөн багасгах боломжтой. Амархан байгаа биз?